Дорнод аймгийн Халхгол сумын нутагт аравдугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр Нөмрөгийн дархан цаазат газрын 73.4 хувийг шатаажээ. Байгаль орчинд учирсан нийт хохирлыг 3.35 их наяд төгрөгөөр тооцлоо.
Сайдын тушаалаар байгуулсан шинжээчдийн баг, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд хээрийн судалгаа хийжээ. Тэдний дүгнэлтээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарсан. Ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөрөг нөлөө үзүүлсэн байна.
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөгөөр тогтоожээ. Улсын тусгай хамгаалалттай газарт учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцдог журам бий. Энэ журмыг мөрдсөнөөр нийт хохирол 3.35 их наяд төгрөг болсон байна.
Шууд зардлыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлнэ
Түймэр унтраах ажилд орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0198 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газар санхүүжилт гаргажээ. Түймэртэй тэмцэхэд 346.6 сая төгрөгийн шууд зардал гарсан. Хохирлын актад тусгасан шууд зардлын нийт дүн 367.6 сая төгрөг байна.
Халхгол сумын Засаг даргын баталсан актаар нийт 3,354,723,433,200 төгрөгийн хохирол тогтоосон. Үүнээс шууд зардал болох 367,665,520 төгрөгийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ. Акт болон холбогдох баримтыг арваннэгдүгээр сарын 14-нд хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Асуудал одоогоор хяналт шалгалтын шатанд байна.
Нөхөн сэргээлтэд 83.97 тэрбум төгрөг шаардлагатай
Шинжээчдийн багийн дүгнэлтээр түймэр экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирсан. Иймд байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих хэрэгтэй. Мөн эмзэг болон өндөр эрсдэлтэй бүсэд хамгаалалт, хяналт-шинжилгээг үе шаттай хийх шаардлагатай гэжээ. Экосистемийн нөхөн сэргэлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингт урьдчилсан тооцоогоор 83.97 тэрбум төгрөг шаардлагатай байна.