Хятад улс өнөөдөр /2026.11.25/ өглөө гурван сансрын нисгэгчтэй «Шэньжөү-24» хөлгийг хөөргөлөө.
Багт багтсан 40 настай Мухаммад Зишан Али дэлхийн тойрог замд гарсан анхны пакистан хүн, мөн Хятадын «Тяньгун» станцад ажиллах анхны гадаадын нисгэгч болж байна.
Хөлгийг Хятадын баруун хойд хэсэгт орших Жючуань сансрын хөөргөх төвөөс Бээжингийн цагаар 08:18-д «Чанжэн-2F» зөөгч пуужингаар хөөргөсөн. Хөөрснөөс хойш арав орчим минутын дараа хөлөг пуужингаас салж, төлөвлөсөн тойрог замдаа орсон. Хятадын хүнтэй сансрын нислэгийн агентлаг (CMSA) хөөргөлтийг «бүрэн амжилттай» болсон гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь «Чанжэн» цуврал пуужингийн 680 дахь нислэг боллоо.
Багийг туршлагатай сансрын нисгэгч Тан Хунбо ахалж, Ү И нислэгийн инженерээр ажиллаж байна. Пакистаны Агаарын цэргийн хүчний нисгэгч Зишан Али туршилтын мэргэжилтэн (payload specialist)-ээр нисч байгаа юм. Түүнийг хөөргөлтөөс нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт багийн гишүүнээр албан ёсоор зарласан. dawn
Али станцад 5–10 хоног ажиллана. Тэрбээр энэ хугацаанд жингүйдлийн орчинд гэрлийн энергиээр фотосинтез явуулдаг хөх-ногоон бактери (цианобактери)-йг судлаад «Шэньжөү-23» хөлгөөр дэлхийд буцна. «Шэньжөү-24»-ийн баг нийт ажиллагааныхаа хугацаанд шинжлэх ухаан, технологийн 90 гаруй туршилт хийхээр төлөвлөжээ. Сансрын амьдралын шинжлэх ухаан, материал судлал, бичил таталцлын физик, сансрын анагаах ухааны чиглэлийн эдгээр туршилтын дөрөв нь биотехнологи, материалын салбарын Хятад–Пакистаны хамтарсан төсөл аж. Хятадын хоёр нисгэгч тойрог замд зургаан сар орчим ажиллана.
Хятадын хүнтэй сансрын нислэгийн хөтөлбөрт гадаадын нисгэгч оролцож буй анхны тохиолдол юм. Хамтарсан нислэгийг Хятад, Пакистаны 2025 оны хоёрдугаар сард байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж байна. Гурван шатны хатуу шалгаруулалтын дүнд Мухаммад Зишан Али, Хуррам Дауд нар нөөц сансрын нисгэгчээр шалгарч, Хятадын сансрын нисгэгч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан бөгөөд хоёулаа Бээжинд олон сар бэлтгэл хийсэн. Нислэгийн албан ёсны лого дээр Пакистаны үндэсний цэцэг жасмин дүрслэгджээ.
Энэ нислэгээр Хятад улс өнөөг хүртэл нийт 31 хятад, нэг гадаад сансрын нисгэгчийг сансарт илгээсэн болж байна.