Дэлхийн томоохон банкууд болох JPMorgan Chase, HSBC Holdings болон StoneX Group нь Лондонд биет алтан гулдмайг хэсэгчлэн өмчлөх эрхэд суурилсан шинэ төрлийн дижитал алтаар анхны арилжаагаа хийжээ.
Энэ тогтолцоо амжилттай хэрэгжвэл Лондонгийн алтны зах зээлийн бүтцэд сүүлийн хэдэн арван жилд гарсан хамгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болно.
Арилжааны талаар Дэлхийн Алтны Зөвлөл Мягмар гарагт мэдээлсэн. Банкууд өнгөрсөн долоо хоногт «Pooled Gold Interests» буюу алтны хамтарсан өмчлөх эрхийг ашиглан арилжаа хийсэн бөгөөд тогтолцоо одоогоор туршилтын шатандаа явж байна. Хэзээ бүрэн нэвтрүүлэх нь тодорхойгүй байна.
Лондонд долоо хоног бүр хэдэн зуун тэрбум ам.долларын алт арилжаалагддаг бөгөөд эндэх үнэ дэлхийн жишиг үнэ болдог. Гэвч арилжааны дийлэнх нь «Unallocated» буюу тодорхой гулдмайтай холбогдоогүй цаасан гэрээ хэлбэрээр хийгддэг. Ийм гэрээгээр худалдагч тал шаардлагатай үед биет алт нийлүүлэх үүрэг хүлээдэг.
Шинэ тогтолцоо энэ хязгаарлалтыг сулруулж байгаа юм. Банкууд алтны хамтарсан өмчлөх эрхээ биет алт нийлүүлэлгүйгээр барьцаа хөрөнгө болгон ашиглах боломжтой болно. Ингэснээр алтыг санхүүгийн хөрөнгө болгон ашиглах нь илүү уян хатан болох юм.
Энэ мэдээ алтны үнэ савлаж байх үетэй давхацлаа. Алтны үнэ Мягмар гарагт 2 орчим хувиар буурч, Лхагва гарагт нэг унц нь 3,545 ам.долларын орчимд арилжаалагдсан. АНУ-ын тарифын шинэ төлөвлөгөөний нөлөөгөөр хувьцааны зах зээл унаж, бодлогын хүү өсөх хүлээлт нэмэгдсэн.
Үүнээс болж зарим хөрөнгө оруулагч алдагдлаа нөхөхийн тулд алтаа зарж байна.