Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчийн орон тоог 1000-аар цөөлөхөөр тусгажээ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн өмчит болон орон нутгийн зарим компанийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, нэгтгэхээр төлөвлөж байна.
Нийслэлийн удирдлага ирэх онд төрийн албаны бүтцийг цомхотгох алхам хийхээр болжээ. 2027 оны төсвийн төсөлд нийслэлийн төрийн албан хаагчийн орон тоог 1000-аар бууруулахаар суулгасан байна.
Төрийн албанаас гадна нийслэлийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ч өөрчлөлт хийнэ. Нийслэлийн өмчит болон орон нутгийн зарим компанийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, нэгтгэх төлөвлөгөө боловсруулжээ. Энэ төлөвлөгөөг эхлээд Засаг даргын зөвлөл болон ажлын хэсгээр хэлэлцүүлнэ. Дараа нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) дараагийн хуралдаанд оруулахаар болсон байна.
Аль компаниуд нэгдэх, орон тоо цөөлөхөд ямар байгууллагууд хамрагдах, энэ нь төсөвт хэр хэмнэлт гаргах талаар одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна.
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцэж байна.