Болгар улс Украинд ирэх онд олгох 45 тэрбум еврогийн шинэ зээлийн цэргийн бус 20 тэрбум еврогийн хэсэгт баталгаа гаргахад бэлэн байна. Харин цэргийн тусламжийн санхүүжилтэд оролцохгүй гэдгээ тус улсын Ерөнхий сайд Румен Радев мэдэгдлээ.
Брюссельд болсон Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр хэвлэлийн хурал хийхдээ Ерөнхий сайд Радев ийнхүү мэдэгдсэн юм.
“Бид хувь нэмрээ оруулж байгаа, гэхдээ Украинд болж буй дайнд зориулсан мөнгө, зэвсэглэлд зориулсан мөнгө бидэнд алга” гэж Радев хэлэв.
Шинэ багцын бүтцийг харвал 20 тэрбум евро нь макро санхүүгийн туслалцаа болон Украины сангаар дамжих төсвийн дэмжлэгт, үлдсэн 25 тэрбум евро нь цэргийн хэрэгцээнд зориулагдсан байна. Энэ нь Болгар улс багцын бараг тал хувийг батлан даахад бэлэн гэсэн үг.
Тусламжаа болгар гаралтай иргэдийн бүс рүү
Радевын хэлснээр София өөрийн оролцоотой тусламжийг болгар үндэстэн шигүү суурьшсан Украины бүс нутгууд руу чиглүүлэхийг хүсэж байна. Одоогоор Украинд 300 мянга гаруй болгар гаралтай хүн амьдарч байгаа бөгөөд тэдний оршин суудаг нутагт эрүүл мэнд, дулаан, цахилгаан хангамж, тээврийн салбарт тусламж нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн Болгар улс өмнө нь Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд баталгаа гаргахыг зөвшөөрсөн бөгөөд уг зээлийн хүүг төлөхөд бэлэн байгаагаа Радев сануулав.
Хэлэлцээний байр суурь зөөлөрсөн нь
Энэ мэдэгдэл Софиягийн өмнөх байр суурийг тодорхой хэмжээгээр зөөлрүүлсэн алхам юм. Аравдугаар сард Радев Зеленскийн хүссэн 70 тэрбум еврогийн санхүүжилтэд Болгар хувь нэмэр оруулж чадахгүй гэж мэдэгдэж байсан. Түүнээс өмнө зургадугаар сард Болгар улс 13 цэргийн тусламжийн багц баталсан бөгөөд үндэсний аюулгүй байдлаа алдагдуулахгүйгээр Зэвсэгт хүчнээсээ шилжүүлж болох нөөцөө шавхсан гэж тайлбарлаж байжээ.