Тээврийн цагдаагийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр боллоо. Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-г энэ үеэр гардуулсан байна.
Ойн арга хэмжээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцов. Тэд Тээврийн цагдаагийн албаны таван алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн батламжийг гардуулсан юм.
Захирагч Б.Пүрэвдагва замын цагдаа болон тээврийн цагдаагийн нийт алба хаагчдад нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралыг та бүхний оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй” гэж онцолсон.
Захирагчийн хэлснээр, нийслэлийн замын түгжрэлийг зөвхөн уулзвар нэмж, зам өргөтгөж, торгууль нэмэгдүүлж шийдэх боломжгүй. Орчин үеийн хотууд замын хөдөлгөөний урсгалыг бодит цагт хэмжиж, гэрлэн дохионы хугацааг ачааллаас нь хамаарч өөрчилдөг технологи ашиглаж байна. Улаанбаатар хот ч энэ туршлагыг өөрийн нөхцөлд тааруулан нэвтрүүлж эхэлжээ.
“Техник, технологи та бүхний мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвартай хосолж байж бодит үр дүнгээ өгнө” гэж Б.Пүрэвдагва хэллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



