Нэгдүгээр сарын 24-ний өдрийг "Монгол тэмээний өдөр", зургаадугаар сарын 7-ны өдрийг "Морин хуурын өдөр" болгох хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 25-нд хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.
Төсөлд Монгол тэмээний өдөр болон Морин хуурын өдрийг жил бүр тэмдэглэхээр заажээ. Мөн энэ хоёр өдрийг хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн ангилалд оруулахаар тусгасан байна.
Энэ хоёр өдөр бүх нийтээр амрах өдөр болохгүй. Хуулийн төслийн зорилго нь үндэсний хэмжээнд нэгдсэн бодлоготойгоор соёл урлаг, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах, өв соёлоо өвлүүлж сурталчлах эрх зүйн баталгааг бүрдүүлэх юм.
Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд төрийн шинэ бүтэц, орон тоо шаардлагагүй. Улсын төсөвт ч нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөлд дурджээ.
Хуралдаанд асуулт асууж, үг хэлсэн гишүүн байгаагүй. Оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.